2010/01/28

Дуучин Б.Маралжингоо: "Хайрын хамгийн дээд хэлбэр нь секс"
 maralllj.jpg  Рок попын ертөнцөд хөл тавиад таван жилийн нүүр үзэж буй дуучин Б.Маралжингоо сүүлийн үед чимээгүй байгаа. Гэхдээ тэр уран бүтээлээсээ хөндийрөөгүй хийх юмаа хийсээр байгаа хэмээн ярьж байна билээ. Үүний баталгаа нь “A-Сapella”
хамтлагийн дуучин Э.Энхтөртэй хамтран дуулсан шинэхэн дуу нь.
 
Өнөөдрөөс эхлэн сонсогчдод хүрэх энэхүү дуу нь өсвөр насныханд зориулагдсан гэсэн. Өөрөөр хэлбэл энэ дуу нь сүүлийн үеийн залуучууд харьцангуй эрт бэлгийн амьдралд орж түүнээсээ болж нэг олдох амьдралдаа алдаж байгаа талаар өгүүлсэн дуу юм билээ

Клипээр хүртэл амилсан энэхүү дуу нь одоо хүртэл нэргүй байгаа бөгөөд тухайн дуунд тохирсон нэрийг сонсогч фенүүдээсээ хүсч байгаа гэнэ. Нэг үгээр хэлбэл тэд энэ сарын 26-наас эхлэн ирэх сарын долоон хүртэл уг дуундаа тохирох нэрний уралдаан зарласан байна. Уралдаан 14-25 насныхны хүрээнд болох юм. Шилдэг нь IPOD-оор шагнуулах энэхүү уралдаанд оролцох хүсэлтэй залуус hairtai.love@yahoo.comЭнэ хаягийг спам-с хамгаалж байгаа бөгөөд та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй. гэсэн хаягаар нэрээ явуулах боломжтой гэсэн. Ингээд дуучин Б.Маралжингоотой уулзаж ярилцсанаа уншигчдадаа хүргэе.

-Шинэ дууны чинь клипийг үзэж үгийг нь уншлаа. Тэгээд энэ хоёр дуучин өсвөр насныханд хайрын тухай ойлголт өгч тэрхүү ариун нандин зүйлд хэрхэн яаж хандах ёстой юм бэ гэдгийг өгүүлжээ гэж ойлголоо. Чи өөрөө ч гэсэн залуу хүн. Чиний хувьд хайр гэж юу юм бэ, хайртайгаа учирсан уу?

-Залуучууд маань яг л энэ клип дээр гарч байгаа залуучууд шиг анх танилцдаг шүү дээ. Ер нь залуучуудын бие биеэ олж байгаа үйл явц бол иймэрхүү л байдаг байх. Хайр гэдэг бол минийхээр хамгийн сайхан бөгөөд хамгийн том хариуцлага. Мэдээж би залуу хүн учраас саяхан хайртайгаа учирсан. Тийм болохоор энэ дууг дуулахад бас клипэнд нь тоглоход харьцангуй хялбар байлаа. Хайрын талаар мэдлэгтэй бас туршлагатай байсан гэх үү дээ.
 
-Клипний өгүүлэмж бас их сонин санагдсан. Хэдийгээр наана нь хайртайгаа учирч байгаа залуу хос ч гэлээ цаана нь сексийн талаар өгүүлж байна билээ?
-Тиймээ. Угаасаа энэ дуу маань өсвөр насныханд зориулагдсан. Яагаад гэхээр сүүлийн үед дөнгөж амьдралын гараагаа эхэлж байгаа хүүхэд залуус, өсвөр үеийнхний дунд хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлт, БЗХӨ гэх мэт тулгамдсан асуудал их байна. Энэ нь  хүүхэд залуус, өсвөр үеийнхэн маань эрэгтэй эмэгтэй хүний хоорондын харилцааны талаар хомсхон мэдлэгтэй байгаагаас үүдэлтэй. Үүнээс болоод амьдралынхаа анхны алхмыг буруу хийж байна.
 
Тиймээс бид энэ дуугаараа зөв хайр, зөв мэдлэг, зөв харилцаа, зөв алхмыг уриалсан юм. Би ч гэсэн өсвөр үеийнхний нэгэн адил амьдралынхаа алхмыг зөв хийхийг хичээж явна. Тиймээс хүүхэд залуус, өсвөр үеийнхэндээ амьдралдаа хариуцлагатай хандаж, зөв мэдлэгтэй байцгаая гэж хэлмээр байна. Секс гэдэг бол хүний амьдралд байдаг л зүйл. Гэхдээ өсвөр үеийнхэн маань энэ тал дээр маш бодолтой хандах хэрэгтэй. Ер нь хайрын хамгийн дээд хэлбэр нь секс гэж би боддог. Тэгж байж энэ зүйл маань сайхан бөгөөд утгатай байх учиртай. Энэ тал дээр маш их ухаалаг хандах ёстой гэж залуучууддаа нэмж хэлмээр байна.
 
-Маралжингоо бусдад санаа тавьдаг сайн талтай хүн юм. Залуу хүний хувьд  энэ дуугаар бусдад яг юуг хэлэхийг зорьсон вэ?
-Товчхон хариулахад хариуцлага гэдгийг залуучууддаа ойлгуулахыг хичээсэн. Залуус маань харилцааныхаа үнэ цэнийг цаг ямагт санаж явахыг, цаашлаад хариуцлага гэж маш чухал зүйл байдаг гэдгийг санаж яваасай л гэж хүссэн.
 
-Энэ дуу Энхтөр та хоёрын хоёр дахь уран бүтээл байхаа. Яагаад түүнтэй хамтрах болов гэдэг бас сонин байна?
-Энхтөр ахыг “Nature sound” студид байхаас нь таньдаг. Анх “Амьдралын амт” киноны дуу болох “Хайрын дуу” гэдэг дууг хамтарч дуулсан. Түүнээс хойш хоёр дахь уран бүтээлээ хамтран хийж байгаа нь энэ. Ер нь бид хоёрын хоолой их гоё тохирдог. Бас бид хоёр хоорондоо их сайн ойлголцдог. Энэ утгаараа хамтран дуулахад амар байдаг. Гэхдээ энэ дуу зөвхөн бид хоёрын хамтын бүтээл гэж хэлж болохгүй. Маш олон хүний хүч хөдөлмөрөөр бүтсэн.
 
-Нэгэнт бид хоёрын яриа хайр сэтгэлийн талаар өрнөж байгаа болохоор өөрөөс чинь нэг зүйлийг асууя. Өөрөө хэзээ гэр бүлийн амьдрал зохиох гэж байна?
-Залуучууд маань хамгийн түрүүнд боловсрол, суурь мэдлэг, хүмүүжилдээ анхаарах хэрэгтэй гэж би боддог юм. Тийм ч учраас би яг одоохондоо гэр бүлийн амьдрал гэхээсээ илүүтэй боловсролдоо анхаарч байгаа. Ер нь ямарваа нэгэн юмыг эргэцүүлж бодож тунгааж байж шийдэх ёстой. Тэр тусмаа нэгэн насны амьдралаа холбох гэж байгаа гэр бүлийн асуудлыг маш сайн бодсоны эцэст шийдэх хэрэгтэй. Би гэр бүлтэй болох юм бол түүнийгээ бусниулахыг, үнэ цэнийг нь алдагдуулахыг үнэхээр хүсэхгүй.
 
-Энэ дууны шүлэгт гурав буюу түүнээс дээш хүн нэг хайр хэрэглэхийг хориглоно гэжээ. Энэ талаар?

-Энэ маань ойлгомжтой байх л даа. Хайранд гуравдагч этгээд хэрэггүй гэдгийг л хэлээд байгаа юм. Би ч гэсэн амьдралдаа энэ зарчмыг баримтална.
 
-Маралжингоо анх удаа клипэнд тоглож зураач эмэгтэйн дүр бүтээсэн байсан. Жүжиглэхэд хэцүү байв уу?
-Сонирхолтой бөгөөд хэцүү байсан. Жүжигчид их няхуур ханддаг байх л даа. Би мэргэжлийн жүжигчин биш учраас найруулагч болоод зураглаач маань надад их өгөөмөр хандсан. Надад бол их сонирхолтой санагдсан.
 
-Өөрөө анх “B” продакшнаас уран бүтээлийнхээ гарааг эхэлж байсан. Одоо ч “B” продакшны уран бүтээлч гэж явж байгаа юу?
-”B” продакшн маань шинэ студи дээрээ уран бүтээлээ хийж байгаа. Миний хувьд сурах гээд түр чөлөө авчихсан байгаа. Тун удахгүй Канад улс руу явж сурна.
 
-Өөрийг чинь рок попын ертөнцөд анх хөл тавьж байх үедээ нэлээд мяраалаг байсныг санаж байна. Тэр үеийг бодвол маш их жин хасч. Хэрвээ нууц биш бол яаж ингэж сайн жин хасав?
-Хөөрхөн эгдүүтэй бондгор охин байсан шүү дээ. Түүнээс хойш бараг таван жил өнгөрчээ.  Энэ хугацаанд хүн өөрчлөгдөлгүй яахав. Байдаг л өөрчлөлт. Өөрийнхөө хичээл зүтгэлээр турсан. Ер нь маш их хичээл зүтгэл гаргасан шүү.
 
-Өөрөө нэг хэсэг репер Жи гэж залуутай нэр холбогдоод байсан?
-Одоо ямар ч холбоогүй болсон. Тэгээд ч надад найз залуу бодоод байх зав алга. Яагаад гэхээр ажил болон хичээлийн бөөн бөөн төлөвлөгөө байна.

Categories:

0 Сэтгэгдэл:

Post a Comment